С.Ганбаатар ИЗНН-д элсэнэ гэж тохирчихоод хулхиджээ

 

 

 

МАХН-аас УИХ-ын гишүүн болсон С.Ганбаатар өчигдөр тус намаас гарахаа мэдэгдэж, намын батлахаа буцаан өгсөн ч ердөө хоёрхон цагийн дараа АН-ын гишүүнээр элссэн нь олон хүнийг гайхшрууллаа. Тэрбээр өмнө нь ХҮН-ын гишүүн байсан бол дөрвөн жилийн өмнө МАХН-ын гишүүнээр сүр дуулиантай элсэж байлаа. МАХН-ын дарга Н.Энхбаяр түүнд их итгэл үзүүлж, УИХ-ын 2020 оны сонгуульд МАХН-д хамгийн ээлтэй тойрог болох Эрдэнэтийн тойрогт нэр дэвшүүлснээр С.Ганбаатар УИХ-ын гишүүн болсон нь худлаа биш. Гэвч С.Ганбаатар УИХ-ын гишүүн болсон даруйдаа хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзганд хүргэсэн намаасаа урваж, АН-ын гишүүн болж буйгаа мэдэгдэв. 

МАХН-аас татгалзсан тэрбээр  АН, МАН-ын алинд нь ч орохгүй гэж ярьж байсан ч эцсийн дүндээ Ц.Тувааны буюу УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн даргалж буй АН-ын гишүүн боллоо. УИХ-ын гишүүн С.Ганбаатар МАХН-аас гарч буй шалтгаанаа "Эрдэнэтчүүд аль нэг намд хүч нэм гэж намайг сонгоогүй” гэж хэлж байв. Гэвч АН-д бүл нэмж, сайн дураараа хүчээ өгөхөө зарлачихав.  С.Ганбаатар ямар худалч, урвагч хүн болохоо энэ мэт үйлдлээрээ илэрхийлж буй.

Нэг намд хүчин зүтгэж байсан МАХН-ын дарга Н.Энхбаяр "С.Ганбаатар хэлэхдээ, МАН, МАХН нэгдвэл би "Та бидний эвсэл”-дээ үлдвэл яасан юм бэ гэсэн бодолтой байна” гэж хэлж байсныг дурдав. Өөрөөр хэлбэл, С.Ганбаатар ИЗНН-ын гишүүн болохоор тохиролцсон байжээ. Үүнийг нь баталж, ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг цахим хуудастаа "С.Ганбаатар "Та бидний эвсэл”-дээ үлдэж, ИЗНН-ын гишүүн болохоор урьдчилан тохирсон тохироогоо эвдлээ” гэж мэдэгджээ.

Гэвч УИХ-ын гишүүн С.Ганбаатар нүд эрмэхийн зуурт МАХН-ыг орхиж, ИЗНН-ыг ч хаяж, АН-ыг сонголоо.

Эрдэнэт, Тавантолгой, Оюутолгой ярьж, олон нийтийн тархийг угааж, өөртөө татдаг хүн бол С.Ганбаатар. Эрдэнэтчүүд МАХН-аас УИХ-д нэр дэвшсэн С.Ганбаатарыг Эрдэнэт үйлдвэрийн 49 хувиас болж сонгосон гэхэд нэг их зөрөхгүй. Учир нь, тэрбээр 2017 онд Эрдэнэтийн 49 хувийг төр эзэмших ёстой гэж ярьж байсан нь Эрдэнэтчүүдэд итгэл төрүүлсэн нь мэдээж. Харамсалтай нь, С.Ганбаатар Эрдэнэтчүүдийн итгэлийг хүлээж МАХН-аас УИХ-ын гишүүн болоод жил ч болоогүй байхдаа Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувьдаа авч, хуссан АН-д нэгдлээ. Энэ нь эрдэнэтчүүдэд төдийгүй, ард түмэнд таалагдахгүй байгаа нь олон нийтийн сүлжээнд байршуулж буй иргэдийн байр сууринаас харагдаж байна. 

 

Ч.Явуухүү