Г.Тэмүүлэн : Залуучууд нийгмийн даатгалын шимтгэл төлснөөс банкинд мөнгөө хадгалуулсан нь дээр гэсэн хандлагатай байна

Г.Тэмүүлэн : Залуучууд нийгмийн даатгалын шимтгэл төлснөөс банкинд мөнгөө хадгалуулсан нь дээр гэсэн хандлагатай байна

 

 

УИХ-ын чуулганы хуралдаанаар Г.Ганболд тэргүүтэй долоон гишүүний өргөн барьсан Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр, "Цар тахлын үед нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах нь зөв. Мөн удаан ярьж байгаа нийгмийн даатгалын тогтолцоогоо хурдан өөрчлөх шаардлагатай байна. Нийгмийн даатгалын сан ачааллаа даахгүй, эрсдэлээ үүрч чадахгүй хэмжээнд очих гээд байна. Тиймээс энэ тогтолцоонд эрс шинэчлэл хийх шаардлагатай. Тэтгэвэр авагчдын тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байгаа. Эсрэгээрээ ажилтай хүмүүсийн тоо буурч байна. Иргэдийн насжилт уртасч байна. Хүн амын бараг 10 орчим хувь нь тэтгэвэр авагчид буюу ахмадууд болсон. Ингэхээр Нийгмийн даатгалын сан ачааллаа даахаа больж байна. Тэтгэврийн хэмжээ бага байгаагаас болоод иргэдийн дунд нийгмийн даатгалын шимтгэл төлөх сонирхол бага байна. Залуучуудын дийлэнх олонх нь нийгмийн даатгалын шимтгэл төлснөөс банкинд мөнгөө хадгалуулсан нь дээр гэсэн хандлагатай байна. Нөгөө талдаа мэдээлэл сайтай хүмүүс нь тэтгэврийн насаа дөхөөд ирэхээр нийгмийн даатгалын шимтгэлээ өндрөөр төлөөд тэтгэврээ өндрөөр тогтоолгодог. Ийм байдлаар энэ тогтолцоо гажуудаж байна" гэлээ.