Л.Амарсанаа: Дэлхийд биднийг тодотгох ганц зүйл бол монгол бичиг

 


Уран бүтээлчид, урлаг сонирхогчдын дунд "Калиграфын Амараа” хэмээн нэрлэгддэг, МУЭ-ийн гишүүн, зураач Л.Амарсанааг энэ удаагийнхаа "Өөр зочин”-оор урьж ярилцлаа. Түүнийг хүмүүс "Тэнгэрийн дардас”, "Түлэгэ”, "20 жил” хэмээх бие даасан өвөрмөц үзэсгэлэн, олон сонирхолтой бүтээлээр нь илүүтэй таньдаг. Түүнтэй ярилцсанаа хүргэе.
 
-Сүүлийн хоёр жилд бид цар тахалтай нүүр тулж, хөл хорионы дэглэмд чөдөр тушаатай мэт өнжлөө. Чөлөөт уран бүтээлчдийн хувьд энэ цаг хугацааг хэрхэн өнгөрөөв?
-Энэ хугацаанд соёл урлагийн байгууллагууд, элдэв арга хэмжээ бүгд зогсонги байдалд орсноос болж, уран бүтээлчид хүндхэн байдалд байна. Төрийн байгууллагад ажилладаг уран бүтээлчдийн хувьд, тогтсон цалинтай учраас гал алдахгүй, өдөр тутмынхаа амьжиргааг залгуулаад явж байна. Харин чөлөөт уран бүтээлчдийн хувьд урлагийн бүтээл өдөр тутамд талх шиг зарагддаггүй. Мэдээж, аливаа зүйл сайн, муу хоёр талтай. Хөл хорионы дэглэмд шилжснээс хойш уран бүтээлч хүний хувьд, урландаа илүүтэй цаг хугацааг өнгөрөөж, уран бүтээлдээ төвлөрч байлаа. Гэхдээ хүн нийгмийн амьтан учраас өдөр тутмын амьдралдаа санаа зовинох, нийгмийн хар бараан мэдээлэлд бухимдах,  гэр бүлийнхээ эрүүл аюулгүй байдалд санаа зовинох гээд сэтгэлзүйн хувьд тогтворгүй байдаг юм байна. Тэгээд бас энэ цаг хугацаанд соёл урлагийн байгууллагуудыг нийтээр нь хаасныг бас гайхаж байлаа. Соёл урлаг, урлагийн бүтээл гэдэг бол олон нийтийг соён гэгээрүүлэх, тайвшруулах талаасаа олон чухал үүрэгтэй. Мөн музей, дүрслэх урлагийн галерей зэрэг байгууллага хэзээ ч "100 айл”, "Нарантуул зах”, хүнсний дэлгүүр шиг хүн шавдаггүй. Гадны улс оронд харин ч иргэдийнхээ сэтгэл санааг дэмжихын тулд халдвар хамгааллын дэглэмээ сайн бариад, үйл ажиллагаагаа явуулж байна. Гэтэл  манайд олон сар ингэж хорьж хязгаарлаж байгаа нь хоцрогдож байгаагийн л илрэл байх.
-Хөл хориотой энэ өдрүүдэд гадаад, дотоодод зохион байгуулагддаг үзэсгэлэн яармагууд бүгд онлайн болсон. Таны хувьд эдгээр үзэсгэлэнд хэр оролцов?
-Манайд зарим үйл ажиллагаанууд одоо л сэргэж байна. Дэлхий нийтэд соёл урлагийн арга хэмжээнүүд бүгд онлайн хувилбарт шилжчихлээ. Цахимаар олон үзэсгэлэн арга хэмжээг зохион байгуулж байна. Харин манайд өнгөрсөн 3-4 дүгээр сараас олон сар хойшлогдсон арга хэмжээ, үзэсгэлэнгүүд онлайн хэлбэрт шилжээд эхнээсээ олон нийтэд хүрч эхэлж байна. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар "Мөнх тэнгэрийн бичиг” уран бичлэгийн үзэсгэлэнг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.  Хөл хорионы улмаас "Мөнх тэнгэрийн бичиг-2021” уран бичлэгийн үзэсгэлэнг үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан автобусны буудал, гудамжны мэдээллийн байгууламж, дижитал дэлгэцээр дамжуулан өнөөдрөөс олон нийтэд толилуулж эхлээд байна. Миний бүтээл нисэх, яармагийн автобусны буудал дээр байршуулсан. Энэ арга хэмжээ 14 хоног үргэлжилнэ.
-Таныг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн олон улсын цахим үзэсгэлэнд оролцож байгаа гэж сонссон. Орчин үеийн урлагийн төрөлд ямар бүтээлээ сойж байгаа вэ?
-Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит олон улсын фестивалыг энэ жил цахимаар, нэлээд өргөн хүрээтэй зохион байгуулж байна. Уран бүтээлчдийн бүтээлүүдийг ирэх долдугаар сар хүртэл цахимаар танилцуулж байгаа. Олон улсын үзэсгэлэн учраас Япон, Солонгос, Герман, Франц гээд олон орны уран бүтээлчид идэвхтэй оролцож байна. Миний хувьд, уг уралдаанд гурван бүтээлээр оролцож байгаа. Бүтээл авах төрөлд нь зураасан зургийн төрөл байхгүй учраас "Түлэгэ” үзэсгэлэнгийн бүтээл болон орчин үеийн шийдэлтэй 1-2 шинэ бүтээлээрээ "Орчин үеийн урлагийн төрөл”-д нь оролцож байгаа. Мөн Соёлын яам, Үндэсний номын сан, "Өв өлгий” төслөөс хамтран зохион байгуулсан "Миний монгол бичиг” бүтээлч бичгийн уралдаанд оролцсон. Энэ мэтчилэн цахим арга хэмжээнүүдэд оролцоод явж байна.
-Сүүлийн үед ямар бүтээлүүд дээр төвлөрч ажиллаж байгаа вэ?
-Энэ онд өөрийн гэсэн урлантай болж, хөл хориотой цаг хугацаанд урландаа засвар хийж, урлангаа тохижуулж, өөрийн гэсэн орон зайгаа бүрдүүлэхыг хичээлээ. Үүнийхээ хажуугаар шинэ бүтээлүүд дээрээ төвлөрөх, илүү нарийн чимхлүүр ажлуудаа хийж амжууллаа.
-Анхны бие даасан үзэсгэлэнгээ хэдийд гаргаж байсан бэ. Таны бүтээл бүрт, үзэсгэлэн бүрт үндэсний өв соёл нэвт шингэсэн байдаг?
-Би 1994-1999 оны хооронд СУИС-ийн Дүрслэх урлагийн дээд сургуулийг зураасан зургийн мэргэжлээр Урлагийн гавьяат зүтгэлтэн Я.Оюунчимэг багшийн удирдлага дор суралцаж төгссөн. Зураасан зураг, графикийн урлагийг эзэмшсэн цагаасаа бие даасан үзэсгэлэнгээ гаргах гэж бодож зорьж явсаар 2011 онд "Тэнгэрийн дардас” нэртэй үзэсгэлэнгээ гаргаж байсан. Тэгээд 2018 онд "Түлэгэ”,  2019 оны есдүгээр сард "20 жил”  нэртэй бие даасан, уран бүтээлийн тайлан үзэсгэлэнгээ гаргасан. "Тэнгэрийн дардас” үзэсгэлэн маань их сайхан арга хэмжээ болсон байдаг. Тэр үед цаг сайхан байжээ. Цар тахлын байдал намжвал цаашид ч бас олон сайхан бүтээл туурвих бодолтой байна.
Уран бүтээлч хүн үндэснийхээ зүйлийг эрхэмлэдэг байх ёстой. Байнга эрэлд хатаж, шинийг сэдэж байхгүй бол амархан хоцрогдох гээд байдаг. Тийм болохоор бид нийгэмд урлагаар дамжуулж зөв мессэж өгч, зөв бодол төрүүлэхийг зорьдог. Тэр утгаараа уран бүтээлч хүн судлаач байх ёстой. Үүгээрээ ямар ч зүйлийг хаанаас ч судалж мэдэх шаардлагатай болдог. Үзэсгэлэнгийн бүтээлүүд миний судалгааны ажлын нэг хэсэг. Миний хувьд өөрийн бодсон бүхнээ үндэсний урлагийн хэв шинжийг агуулж, орчин үеийн чиг хандлагаар бүтээлээ туурвихыг зорьдог.
-Таныг  хүмүүс "Монгол бичгийн Амраа”, "Калиграфын Амраа” гэдэг юм байна лээ. Монгол бичгийг урлагийн бүтээлтэй хослуулах санаа анх хэдийд төрөв?
-Нэр нэгтийн чих нэг гэдэг шиг адилхан нэртэй зураач олон бий. Би нэг хэсэг ДУДС-д багшилж байсан. Тэр үед монгол зургийн Амарсанаа гэж байсан. Намайг зураасан зургийн Амарсанаа гэдэг байлаа. Хүмүүс их андуурдаг байсан. Харин сүүлийн үед  "Калиграфын Амараа” гэдэг болсон байна лээ.  Миний сурч боловсорсон, өндийж өссөн цаг үе маань үндэсний бичиг соёлыг сэргээх эх хэлний үе байсан тул 1980-аад онд бие даан монгол бичгийг сурсан. Хожмоо зураач болж өнөөгийн уран бичлэгийн хөгжилд хувь нэмрээ оруулна чинээ бодоогүй л явлаа. Энэ бүхэн маань биелэлээ олж монгол уран бичлэгийн соёлыг хөгжүүлэхээр гар бие оролцоод  явж байна. Тэр утгаараа "Калиграфын Амараа” гэдэг болсон байх. Монгол хэл, бичиг үндэсний хамгийн сайхан өв соёл. Сайхан хэл, бичгийн өв соёлыг үлдээсэн өвөг дээдсээрээ бахархаад баршгүй. Би одоо ч  өөрийгөө хөгжүүлж суралцдаг. Сурсан эрдмээ уран бүтээлдээ шингээх нь уран бүтээлч хүний давуу тал болов уу гэж боддог.
-Монгол бичгийг бүх нийтийн хэрэглээний бичиг болгох гээд Засгийн газраас "Монгол бичгийн үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байгаа. Таны хувьд, монгол бичгийг уран бүтээлтэйгээ их хослуулдаг. Энэ талаар эерэг сайхан бодолтой суугаа байх?
-Одоо цаг үе сайхан болж байна. Үндэсний бичиг үсгийн уралдаан тэмцээнд, бүх насныхан идэвхтэй оролцож байна. Энэ их сайхан санагддаг. Нөгөөтэйгүүр бид хүссэн хүсээгүй, үндэсний өв соёлын гол ололт болсон монгол бичгийг сурах, бүх нийтийн хэрэглээ болгох шаардлагууд тавигдаж байна. Монгол бичигт  Монголын ард түмний түүх, зан заншил оюуны соёлын нандин өвийг хуримтлуулсан байдаг. Дэлхийд биднийг "Монгол хүн” гэж тодотгох  ганц зүйл бол монгол бичиг. Тиймээс хүн бүр дор бүрнээ хичээн суралцаасай гэж хүсч явдаг. Мөн уран бүтээлч хүний хувьд ч бас үг үйлдэл, уран бүтээлээрээ дамжуулан үндэсний бичиг үсгийн соёлоо түгээн дэлгэрүүлэхыг хичээдэг.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
2021.5.14 БААСАН № 98 (6575)